“Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох "Будапешт-2021" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртэснээр ДАШТ-ээс 4 медаль хүртсэн Монголын анхны жүдочоор 31 насандаа тодорлоо.
ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг энэ удаагийн дэлхийн дэвжээн дээр хүрэл медалийн төлөө Косовагийн жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красниктай барилдаж өрсөлдөгчөө торгуулиар цэвэр ялж хүрэл медалийн эзэн болов.
“Рио-2016” олимпын V байрын шагналт, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэг 2013 онд ДАШТ-д түрүүлэн, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч болж, 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн билээ.
"Будапешт-2021" ДАШТ-ий эхний өдөр Монголын гурван бөх барилдсан юм. Тодруулбал, эрэгтэй 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, эмэгтэй 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг нар хүчээ сорьсон.
Ташрамд дуулгахад, Жүдо бөхийн спортоор гаргасан амжилтаараа Гиннесийн дээд амжилт тогтоосон М.Уранцэцэгт хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон билээ.