Монгол Улсын 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорив

Өнөөдөр өглөө жүдо бөх, байт харваа, ширээний теннис, усанд сэлэлт, буудлагын баг тамирчид болон МҮОХ, БТСУХ-ны удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн нийлсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио хотыг зорив.

Токиог зорих хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюүки үдэн гаргаж өгөв. Элчин сайд К.Хироюүки энэ үеэр Монголын баг тамирчдад амжилт хүсэж, Монгол, Японы найрсаг харилцааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монголын баг тамирчдын тэмцээн олимпын нээлтийн өдөр буюу 7 дугаар сарын 23-нд эхэлнэ. Энэ өдөр байт харвааны төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэцээ сорих юм. Харин маргааш нь буюу 7 дугаар сарын 24-ний өдөр 3х3 сагсан бөмбөг, бокс, жүдо, буудлага, ширээний теннис болон байт харвааныхан хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөнө.