Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр шударга бусаар төрийн эрхийг булаасан явдалтай эвлэрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн иргэдийг дахин санал хураалтад идэвхтэй оролцож, цагаан хуудас уншуулахыг уриалав.
С.Ганбаатар “Ард түмэн эр зориг гаргаж, Монголынхоо ирээдүйн төлөө, сэрж, сэхээрч сонголтоо хийсэн. Харамсалтай нь төрийн дээр сандайлж суусан МАНАН-ынхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардлаа.
Монголчууд бид ууртай байна. МАНАН төрийн эрх барих монголчуудын эрхийг хулгайлж, төрийн дээр сандайлсаар байна. Нэр дэвшигчид ханаж цадахгүй дараагийн луйвраа хийх гэж байна. Бид үүнийг зогсооно. Хууль бусаар төрийн эрхийг булаасан явдалтай эвлэрч болохгүй. Энэ сонгуулиар хулгайч нарын хулгай хийдэг арга баригдлаа. Тэд ичиж байгаа, нүүрээ хийх газаргүй болж байгаа” гэх мэдэгдлийг хийлээ.