Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеагийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеагийн ажиллах бүрэн эрхийн хугацаандаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэнд талархал илэрхийлээд, 2017-2021 оны байдлаар Европын Холбооны санхүүжилтээр 2 төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг онцоллоо.
БОАЖЯ, ГХЯ, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооноос Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхт болон цөмийн эрсдэлийг бууруулах санаачилгатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчныг сайжруулах бүсийн Р53” төслийг Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран хэрэгжүүлсэн. Төслийн нийт санхүүжилт 5 сая ам.доллар, үүнээс Монгол Улсад 570,000 ам.долларын санхүүжилт хуваарилагдсан.
Дэлхий дахинд үүсээд буй Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд Европын Холбооноос 2 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор болж төсөл сунгагдан ажиллаж байна.
Төслийн хүрээнд Лабораторийн чадавхыг бэхжүүлэх цар тахлын үед нэн шаардлагатай 89 сая төгрөгийн өртөг бүхий лабораторийн шинжилгээний PCR системийг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвд, ШУА-ийн Биологийн хүрээлэнд 87 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, биоаюулгүй байдлын II-р ангиллын кабинетыг хүлээлгэн өгсөн.
Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын аюултай хог хаягдлын удирдлагын чадавхын судалгаа, үнэлгээ” төслийг хэрэгжүүлээд байна.
Европын Холбооны “Свич-Ази” хөтөлбөр, Чехийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Каритас Чех Репаблик” байгууллагатай хамтран “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2013-2017 онд хэрэгжүүлсэн бол “Свич-Ази II” хөтөлбөрийн санхүүжилтээр “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийг тус яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар болон “Каритас Чех Репаблик” байгууллага хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Уг төслийг Монгол Улсад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, хаягдалгүй эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020-2024 онд хэрэгжүүлнэ.
Одоогоор төслийн хүрээнд Улаанбаатар хот, Булган аймгийн төв болон Хишиг-Өндөр сумын хэмжээнд суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтыг Хишиг-Өндөр суманд турших зорилгоор БНЧУ-аас тоног төхөөрөмж татан авах хэлцэл хийгдээд байна.
2021-2024 онд Европын Холбооны санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн хэрэгжүүлнэ. Төслийн гол зорилго нь Монгол иргэдийн хүнсний хангамж болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шинэлэг, ландшафтын түвшний удаан хугацааны тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх, чадавхыг нэмэгдүүлэх юм.
Цаашид Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр Европын Холбоо, түүний гишүүн орнуудын тэргүүний туршлагыг нэвтрүүлэн тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах саналтай байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан илэрхийллээ. Мөн Европын Холбоо болон Герман улс сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг сүүлийн 60-аад жил хэрэгжүүлж байгаа туршлагаас хуваалцан энэ чиглэлээр хамтрах саналтай байгаагаа онцолсон юм.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Триян Христеа цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоод, Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа хэдий ч хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.