Сурагчдын цахим бүртгэлийг өнөөдөр 17:00 цагт хаана

Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдын цахим бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Наймдугаар сарын 16-ны 09:00 цагт улс даяар эхэлсэн цахим бүртгэлийг товлосон ёсоор наймдугаар сарын 25-ны 17:00 цагаас хаана гэдгийг Боловсролын мэдээллийн технологийн төвөөс мэдэгдэж байна.

2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэж байгаа. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийг www.parent.edu.mn цахим хуудсанд байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд тус цахим хуудсанд нэвтэрч баталгаажуулснаар бүртгэл албажих учиртай. Гэтэл нийслэлийн хэмжээнд л гэхэд нэгдүгээр ангид элсэн суралцах 40.330 хүүхдийн 47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулж, сургуульдаа элсээд байна. Улсын хэмжээнд мөн ялгаагүй бүртгэлийн явц хангалтгүй дүнтэй байгаа юм. Энэ нь эцэг, эхчүүд сурагчдын бүртгэлд ач холбогдол өгөхгүй байгаатай холбоотой гэж албаныхан үзэж байна.

Www.parent.edu.mn цахим хуудсанд нэгдүгээр ангид элсэж буй нийт сурагчдын 89 хувийнх нь мэдээлэл байршаад байгаа юм. Гэсэн хэдий ч сурагчдын бүртгэл удааширч байгаа тул цахим бүртгэлийг өнөөдрөөр тасалбар болгож, наймдугаар сарын 29-нийг хүртэл сургуулиуд дээр уламжлалт аргаар сурагчдыг бүртгэх юм байна.