Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо хуралдлаа

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.

Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал хамгийн их ирж байгаа. Тиймээс энэ удаагийн хурлаар дээрх асуудлуудтай холбоотой танилцуулгыг сонсож, санал хүсэлт авна” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон танилцуулга хийв. Тэрбээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилнэ. Энэ журмыг 2018 онд баталсан ч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал их ирж байгаа. Нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлана. Энэ нь олон аж ахуйн нэгжид боломж олгох юм” гэлээ.

Харин газрын албатай холбоотой шинэчлэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны төлөөлөл танилцуулахдаа “Тухайн иргэн эзэмшиж байгаа газрынхаа эрхийг шилжүүлэх гэж байгаа бол цахимаар хүсэлтээ Газрын албанд илгээх боломжтой. Өмнө нь Газрын алба хүнээс хэт хамааралтай байсан бол одоо төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн. Газрын дуудлага худалдааг цахимаар явуулдаг болсон” хэмээв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Газрын тухай багц хуулийг яаралтай батлах хэрэгтэйг хэлж байлаа.

Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон хууль, журам батлахад хугацаа алдана. Хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуульд газрын харилцаа, ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой заалтуудыг оруулан боловсруулж, газрын мэдээллийг ил тод болгох хэрэгтэйг үүрэг болголоо. Мөн янз бүрийн код өгч төөрөгдүүлэх хэрэггүй. Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр хариуцлагатай ажиллах ёстойг Ерөнхий сайд Үндэсний хорооны бүрэлдэхүүнд даалгалаа.