Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүдийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, Сенатын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны Дэд дарга Филипп Мүэй тэргүүтэй Сенатын гишүүд болон бусад төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд сайд С.Энхболд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар товч танилцуулж, БНФУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудыг бэхжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн 20 гаруй жилийн турш Франц Улсын эмч, мэргэжилтнүүд ирж ажиллан оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монголын эмч мэргэжилтнүүдэд зааж сургах, Франц Улсад богино, дунд хугацаагаар дадлагажуулах сургалтад хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхийн зэрэгцээ тус төвийн мэс засал, хүлээн авах, яаралтай тусламжийн тасгуудыг шинэчлэх зэрэг олон бодит ажлыг хамтын ажиллагааны хүрээнд хийсэн болохыг онцлов.

Тэрбээр олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улс одоогоор 420,000 гаруй тун КОВИД-19 халдварын эсрэг вакциныг үе шаттайгаар хүлээн авч, хүн амын эрсдэлт бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийсэн болохыг мэдээлж, уг хөтөлбөрийг санхүүжүүлэгч улсуудын нэг болох Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Түүнчлэн Франц Улсаас Европын Холбоогоор дамжуулан 54 мянган евро буюу 184 сая төгрөгийн үнэ бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч болон хүчилтөрөгчийн хангамжийн дагалдах хэрэгслийг ГССҮТ-д хүлээлгэж өгсөн нь КОВИД-19 халдвар төдийгүй гэмтлийн шалтгаантай амьсгалын замын хүндрэлийн үед өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангахад ашиглагдах чухал шаардлагатай дэмжлэг болсныг тэмдэглэв.

Үүний дараагаар ноён Филипп Мүэй хүлээн авч уулзаж байгаад Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын явцад талууд КОВИД-19 халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод эрүүл мэндийн салбарын дунд, урт хугацааны бодлого чиглэлийн талаар болон сонирхсон бусад сэдвүүдээр харилцан дэлгэрэнгүй ярилцлаа. Улмаар Сайд С.Энхболд цаашид эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ялангуяа хорт хавдар, дутуу нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг Франц Улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, сургаж дадлагажуулах, дээрх чиглэлүүдээр шинэ технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.