“Токио-2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг-ын жинд 5 дугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-ий хүрэл медальтан болов.
Тэрбээр өчигдөр буюу ням гарагт Осло хотын “Жордал Амфи” ордонд болсон барилдаанд хүч үзэж Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн хүнд жин /125 кг/-гийн дэлхийн медальт анхдагч бөхөөр тодорч, дэлхийн 3 аваргатай медалийн тавцанд зогслоо.
М.Лхагвагэрэл ДАШТ-ий 1/8 шигшээд дэлхийн 3 удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагахад Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдэх шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар яллаа.
Монголын хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Тэгвэл М.Лхагвагэрэлд жингийнхээ ах нарынхаа авч чадаагүй медалийг эх орондоо авчирч чадлаа.