Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Оюутны дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг III тунгийн вакцинд хамруулаад байна.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд нар нэмэлт вакцинжуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Орон нутгийн зарим оюутнууд дархлаажуулалтын цэгийн байршлыг мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс оюутны дотуур байранд дархлаажуулалтын явуулын баг ажиллах нь үр дүнтэй байна гэдгийг Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис хэллээ.
2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд 500 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр сурагчдаас сайн дурын үндсэн дээр вакцины III тунд хамрагдах 450 гаруй сонсогчдыг өнөөдөр нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж, оюутнуудыг III тунд хамруулж байгаа юм. Мөн Монголын оюутны холбооноос оюутнуудыг сайн дураараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа.