"Прокурорын тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын арга хэмжээ Улсын Ерөнхий прокурорын газарт боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энхболд, Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Б.Амгаланбаатар, хуулийг боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хуулийн ажлын хэсэгт ажилласан Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандорж болон Хууль зүйн байнгын хороо, Улсын Дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын Хуульчдийн холбооны төлөөллүүд, Улсын Ерөнхий прокурорын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, хяналтын прокурорууд, ахмад прокурорууд оролцов. Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын харъяа Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор,тэдгээрийн орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор, ажилтнууд цахим сүлжээгээр холбогдон "Прокурорын тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцлоо.
Энэ үеэр Прокурорын тухай хуулийн төслийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлэв. Тэрээр "...Прокурорын тухай хуулийн УИХ дахь ажлын хэсгийг ахлаж ажилласны хувьд түүний эх бичвэрийг гардуулан барих хүндтэй үүргийг хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Ийнхүү прокурорын байгууллага гурав дахь хуулиа хүлээн авч байна. Шинэ хуулиа бүх шатны прокурорууд, ажилтан албан хаагчид сайтар судлаж, нэг мөр ойлгон хэрэглэж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагыг болон эрүүгийн эрх зүйн салбарын шинэтгэлийн ажлыг үлгэрлэн манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Уг хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс прокурорын болон цагдаагийн байгууллага бусад байгууллагаас батлаж мөрдүүлэхээр заасан журам, зааврыг яаралтай боловсруулж, зохих журмын дагуу батлан гаргах шаардлагатайг онцлон хэлье. Та бүхэн үнэн худлыг дэнсэлж, шударга ёсыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсын хуулийг чандлан сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсье..."гэж хэлэн Прокурорын тухай хуулийн эх бичвэрийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүлээлгэн өглөө.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн үгэндээ "...Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудыг шинэчлэгдэн батлагдсан Прокурорын тухай хуулиа чанд мөрдөж, Монгол Улсын нутаг дэвсгэрт Зөрчлийн болон Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн нэн хариуцлагатай үүргээ нэр төртэйгээр биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмаа дээдэлж ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Монгол төрийн прокурорын байгууллагын сүр хүч, сүлд хийморь мандан бадарч байх болтугай..." гэж тэмдэглэн хэлэв. "Прокурорын тухай хууль"-ийн эх бичвэрийг хүлээн авсаны дараа прокурорын тангараг өргөх ёслолын арга хэмжээ болж, тангараг өргөх арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Ц.Арвинбуудай удирдан явуулж, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, ХБМБАХТХ-ийн дарга Е.Сагсай прокурорын тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, нийт прокурорууд дагалдан тангарагаа өргөж, Монгол Улсын төрийн далбаанаас адис хүртэв. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын харъяа Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын прокурорууд цахим сүлжээгээр холбогдон "Прокурорын тангараг” өргөх ёслолын арга хэмжээнд оролцов.
Ёслолын арга хэмжээний дараа Улсын Ерөнхий прокурорын газрын Алдрын танхимд Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар прокурорын байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ажлын хэсгийн гишүүдэд шагнал гардуулах арга хэмжээ болов. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Прокурорын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар, мөн ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, мөн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, мөн хорооны референт Ч.Батбямба нарыг "Прокурорын байгууллагын хүндэт тэмдэг”-ээр, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Хонгорзул, Б.Баярмаа, референт М.Отгон, П.Хулан нарыг Улсын Ерөнхий прокурорын газрын "Жуух бичиг”-ээр тус тус шагнав.