Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг энэ сарын 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ болж буйг зохион байгуулагчид хэлж байна.
Энэ жилийн наадмын гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Д.Уламбар ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөх юм.
Наадмын үеэр “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлаг, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ы Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекциуд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар бэлдэж байна.
Мөн нийслэлчүүд болон Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулсан “Шөнийн гэрэлт гудамж”-д тус наадмын хаалтын арга хэмжээ болох “Дээлтэй диско” фашион парти зохион байгуулна.
Наадмын үеэр өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах бол оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагыг шагнах юм. Мөн үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн шагнал гардуулах аж.
Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдож анхаарлын төвд орсон дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж наадмын өмнөх өдрийг өнгөрөөхийг зохион байгуулагчдын зүгээс иргэддээ уриалж байна.