Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баруун аймгуудад ажиллах үеэрээ коронавируст халдварын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашинуудыг зарим аймгийн Эрүүл мэндийн төвүүдэд олгохоор шийдвэрлэсэн юм.
Тус шийдвэрийн хүрээнд өнөөдөр Архангай, Булган аймгийн Эрүүл мэндийн төв, Завхан, Увс аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид тус бүр УАЗ-22069 маркийн фургон, Булган аймгийн ХХААГ, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ЗДТГ-т УАЗ-2934-034 маркийн хантер автомашиныг хүлээлгэн өглөө.
"Өнгөрсөн хугацаанд Улсын онцгой комисс цар тахлын асуудалд илүү анхааран ажилласны зэрэгцээ орон нутгийн Онцгой байдлын газрыг чадавхижуулах, үер ус, болон байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай техник автомашинуудыг шийдвэрлүүлсэн. Энэ хүрээнд туулах чадвар бүхий 29 автомашиныг аймаг орон нутгуудад хуваарилах ажил хийгдэж дууслаа" хэмээн Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Автомашин гардуулах ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо.