Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна.
Хүн амын мах, сүүний хэрэгцээг тогтвортой хангах, улирлын хамаарлыг бууруулах, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, сүүний хэмжээг нэмэгдүүлэх, мах, сүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж малчдын орлогыг нэмэгдүүлэх, мах, сүү боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжихэд аяны үндсэн зорилго чиглэж байна.
Манай улс бэлчээрийн мал аж ахуй зонхилсон уламжлалт хөдөө аж ахуйн орон. Мал тооллогын 2016 оны статистик дүнгээс үзэхэд малын тоо толгой 61.5 саяд хүрсэн. Малын тоо өсөхтэй зэрэгцэн мал аж ахуйгаас бэлтгэх түүхий эдийн нөөц нэмэгдэж байна. Сүргийн эргэлт, бүтцийг үндэслэн тооцож үзэхэд хүн амын дотоодын хэрэгцээнээс гадна жилд дунджаар 5 сая гаруй малыг хөдөө аж ахуйгаас бэлтгэж, 100 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй. Гэвч энэ боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байна. Манай улс 2016 онд нийт 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, үүнээс 8.1 мянган тонн адууны мах экспортолсон нь боломжит нөөцтэй харьцуулахад хангалтгүй дүнтэй. Малын тоо толгой нэмэгдэж, бэлчээрийн даац хүндэрч байгааг харгалзан бог малын махыг түлхүү экспортлох шаардлага тулгараад байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт махны экспортыг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хонь, ямааны махыг зорилтот зах зээлд нийлүүлэх, махны экспортыг тогтвортой, урт хугацаанд төлөвлөн хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд монгол малын махыг олон улсын эрүүл ахуйн стандартын дагуу нэмүү өртөг шингээн дулааны боловсруулалт хийж, гадаад зах зээлд гаргаж буй мах боловсруулах үйлдвэрүүдийн өргөтгөл, шинэчлэлд дэмжлэг үзүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.
“Мах маркет” ХХК нь импортлогчийн шаардлагад нийцсэн техник, технологийн шинэчлэлийг хийж, олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартын дагуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гадаад зах зээлд гаргах зорилгоор “Экспортын үйлдвэр”-ийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, 2017 оноос бүтээгдэхүүнээ БНХАУ-д гаргаж эхлээд байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 40 ажлын байр нэмэгдэж, сард 11300 толгой ямааны махыг дулааны аргаар боловсруулж 100 тонн ямааны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын зах зээлд гэрээгээр тасралтгүй, тогтмол нийлүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилд 135600 толгой ямааны махаар нэмүү өртөг шингээсэн 1200 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолно.
2017 оны эхний хагас жилд тус компани 600 тн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүлтээгдэхүүнийг экспортод гаргаад байна. Махыг дулааны аргаар боловсруулж нэмүү өртөг шингээн экспортлох нь түүхий махны экспортоос 15-20 хувиар илүү ашигтай.
“Мах Маркет” ХХК нь БНХАУ-аас гадна Иран улс, БНСВьетнам улсуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг аваад байна. Тус үйлдвэр нь Исламын Бүгд Найрамдах Иран Улсад халал аргаар төхөөрсөн хонины хөлдөөсөн болон сэврээсэн гулууз болон ангилсан махыг экспортлож байгаа бөгөөд 2017 онд Иран Улсад 2000 тонн хонины мах нийлүүлэх гэрээ байгуулснаас 140 тонныг нийлүүлээд байна. Мөн БНСВьетнам Улсад 200 тонн ямааны махыг 2017 оны 8 дугаар сараас эхлэн нийлүүлэх гэрээ байгуулаад байна.