“Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдвээр, Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг “Өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ.

Kоронавируст (Kовид-19) халдварын цар тахлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд өсвөр үеийн эмч нар дайчлагдан ажилласан, зарим эмнэлэгт өсвөр үеийн кабинет “тусгаарлах байр” зориулалтаар хэрэглэгдэж буйтай холбоотойгоор 2021 оны эхний 9 сард улсын хэмжээнд өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.6 дахин буурчээ. Ийнхүү өсвөр үеийнхэн хэрэгцээт өвөрмөц тусламж үйлчилгээгээ авч чадахгүйгээс тэдний эрүүл мэндэд эрсдэл, сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй гэж Ц.Отгонцэцэг мэдээлэлдээ дурьдлаа.

Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 5 дугаар хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний дүнгээс өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой шалгуур үзүүлэлтүүдийн үнэлгээний тайланг танилцууллаа. Тэрээр өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхийн тулд өсвөр үеийн эмчийг шинээр бэлтгэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх шаардлагатайг, Kоронавируст (Kовид-19) халдварын цар тахлаас ч өмнө өсвөр үеийн эмч нар үүрэг хавсран гүйцэтгэдэг, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хангагдахгүй байх зэрэг бэрхшээлүүдтэй тулгардаг талаар ярилаа. Цаашид уг асуудлын шийдлийн тухай шинэчлэгдэн батлагдах үндэсний 6 дугаар хөтөлбөрт тусгагдсан, түүнчлэн ирэх сард ЭМЯ-наас эмнэлгийн байгууллагын удирдлагуудад өсвөр үеийн эрүүл мэндийн асуудалд дэмжлэгт удирдлага үзүүлэх чиглэлээр удирдамж, зааварчилга өгөх төлөвтэй байна гэв.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Өсвөр үеийн клиникийн эмч эмч зөвлөгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, инженер, СЭМҮТ, УНТЭ, Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Дархан-Уул, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хэнтий аймгийн өсвөр үеийн кабинетын эмч нар, зарим сумдын эмч, эх баригч нарын 88 хүн оролцлоо. Говь-Алтай, Дундговь, Хөвсгөл аймгийн эмч нар асуулт асууж, санал хүсэлт уламжлав.