Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Цагдаагийн хотхоны зарим байр халуун усгүй байгаад иргэд оршин суугчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Тэрээр оршин суугчид 3-4 жилийн турш халуун усгүй амьдарч байгаа төдийгүй гэр хороололд амьдарч байгаа мэт усаа халаан хэрэглэсээр өдийг хүрээд байгаа аж. Харж байгаачлан энэ байр бол Академийн 16 дугаар байр юм.
2013 онд ашиглалтанд орсноосоо хойш хэрэглээний ямар ч халуун усгүй өнөөдрийг хүрчээ. 21 дүгээр зуунд орон сууцанд амьдарч байгаа мөртлөө гэр хороололд амьдарч байгаа аятай халуун усгүй өдийг хүрч байгаа нь оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр нэлээдгүй хугацааг ардаа орхисон аж. Энэ асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудал хөндүүлэхэд мэдээллийн сувгуудыг тус байрны удирдлагууд амыг нь хааж явуулдаг нь иргэдийн дунд нууц биш болоод байгаа аж. Цөхрөнгөө барсан оршин суугчид халуун усгүй учраас бойлуураар усаа халаадаг ч цахилгааны төлбөр асар өндөр гардаг тухай учирлаж байна.
Түүнчлэн 16 дугаар байрны оршин суугчидтай яг адилхан бэрхшээлтэй бас нэгэн байр бол өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтанд орсон 72 айлын орон сууц болох 12 дугаар байр юм. Мөн л ямар ч халуун усгүй цахилгаанаар усаа халааж өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэдийгээр цалин багатай ч тушаалаар ажилладаг цагдаагийн алба хаагчид орон байртай болсон нь сайхан хэрэг ч "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг шиг хүн амьдрахад тухтай байж чадахгүй байгааг оршин суугчид ам уралдан хэлж байна. Сар болгон өндөр хүү төлж банкны зээл авсан алба хаагчдыг дорд үзэж иймэрхүү байдлаар харьцаж байгаа нь байж боломгүй хэрэг юм.
Орон сууцанд амьдарч байгаа иргэд ямар ч байсан халуун хүйтэн устай дулаанхан тохилог байх нь нэн тэргүүнд тавигдах зүйлийн нэг. Гэтэл харин ч эсэргээрээ хүний гэр орондоо тохитой тухтай байх эрхийг нь хязгаарлаж байгаагаас өөрцгүй байгаа нь илхэнээ харагдаж байна. Уг нь бол эдгээр байнууд тавдугаар цахилгаан станцын хажууд байрлалтай байгааг харахад энэ мэтийн халуун усны асуудлыг шийдэхэд тийм ч бэрхшээлтэй биш санагдах юм. Тиймээс холбогдох албаныхан энэхүү асуудалд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээ авахыг хүсч байна. Манай сайт тус хэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно. Цагдаагийн алба хаагчдыг эх орны энхий манаанд зогсоож хэзээд бэлэн байлгадаг мөртлөө ард нь байгаа халамжит хань, хонгор бяцхан үр хүүхдийг нь тохитой тухтай байлгах тал дээр яагаад анхаарч болохгүй гэж.
Ж.Өөдлөн