Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс АШУҮИС хамтран нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн лабораторийн мэргэжилтнүүдэд зориулсан "SARS-CoV-2 вирус илрүүлэх молекул биологийн шинжилгээний аргууд" сэдэвт дадлага сургалт өнөөдөр /2021.11.22/ эхэллээ.
Энэхүү онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулснаар Монгол улсын лабораторийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, КОВИД-19 халдварын шинжилгээ оношилгоог улам бүр сайжруулахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Тус сургалт нь гурван хоног үргэлжлэх бөгөөд бүх аймаг, дүүргүүдийн лабораторийн мэргэжилтнүүд 3 ээлжээр оролцох юм байна.
Арга хэмжээг нээж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ, “Онол, практик, дадлага хосолсон сургалт ямар ач холбогдолтойг та бүхэн мэдэж байгаа. Монгол улсад 2020 оны 1 дүгээр сард SARS-CoV-2 вирүс илрүүлэх ПГУ-ын шинжилгээг анх ХӨСҮТ-д хийж эхэлснээс хойш өдгөө бүх аймгийн эмнэлгүүд, Замын Үүд, Гашуун-Сухайт дахь хилийн боомт, Улаанбаатар хотын найман дүүргийн эмнэлэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, Цэргийн Төв Эмнэлэг, Хувийн хэвшлийн зарим лабораториудад өдөр тутмын хэрэглээ болгосон байна.
Лабораторийн чадавх, хүртээмж богино хугацаанд нэмэгдсэн нь цар тахлын үеийн эмнэлзүйн менежмент, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр болж байна.
Манай өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа лаборатори анхны оношилгоог нь хийсэн байгаа. Вируслогийн лаборатори анхны оношилгоог хийснээрээ маш олон лабораториудад уг оношилгоог хийх аргазүйг олгон нэвтрүүлсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 46 лаборатори ПСР-ийн шинжилгээг хийж байгаа ба эдгээр лабораториудын чанарын баталгааг манай лаборатори хариуцаж байгаа. 2021 оны 2 сард “1 хаалга 1 шинжилгээ” гэх тархварзүйн аяныг өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд орон нутгуудад маш олон лабораториуд шинээр нээгдсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Сургалтанд оролцож байгаа мэргэжилтнүүд, болон Сургалтыг зохион байгуулж буй ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье.” гэв.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сургалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа “Ковид-19 цар тахал бидэнд маш их бэрхшээлийг даван туулах, их сургамж, мэдлэгийг олгосон гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэгтээ лабораторийг байршуулан хэрэглэж эхэлснээр судалгаа хийх бүрэн боломжтой болж байна. Энэ долоо хоногийн сургалтаар өмнөх туршлагаасаа хуваалцан, бие биенээсээ суралцах, туршлага судлах боломжийг олгож байна гэж харж байна. Та бүхэнд миний зүгээс Дэлхий нийт болоод Монгол улсад ковид-19 цар тахлын нөхцөл байдал хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өгнө” гэв.
Өнөөдрийн сургалтад 10 гаруй аймгийн лабораторийн мэргэжилтнүүд оролцож байна.