#Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс 8 аймгийн нутаг дэвсгэр цөлжилт, газрын доройтолд ихээр өртөж, нөхцөл байдал хүндэрсэн байгаа. Цөлжилтийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
2020 онд хийсэн Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95 орчим хувь нь цөлжилтөд өртсөн. Газрын доройтол, элсний нүүдэл эрчимтэй явагдаж байгаа судалгаа гарсан.
2021 онд Сүмбэр сумын цөлжилт, газрын доройтолд өртсөн 25 га газарт хамгаалалтын ойн зурвас байгуулахаар 50.0 сая төгрөг шийдвэрлэсэн. Уг ажлын гүйцэтгэлийг шалгалаа. Ойжуулалтын хүрээнд хашаа хамгаалалтыг хийж, усалгааны тоног төхөөрөмжийг суурилуулан 1500 орчим мод, бут тарьсантай газар дээр нь танилцлаа.
Говьсүмбэр аймгийн сум дундын ойн анги 2015 онд байгуулагдан, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ жил 10 орчим төрлийн тал, хээрийн бүсэд тохирсон мод бут тарьсан. 2, 3 жилийн настай 1500 орчим суулгацыг худалдаанд гаргахад бэлэн болжээ. Өвөлдөө мал идээд, зундаа салхи, шуурга хуулчихдаг гээд мод тарих, ургуулах амаргүй ажил гэдгийг Ойн ангийн дарга Э.Шоовдор учирлалаа.
Түүнчлэн төсөв санхүүжилт, хүний хүч, хүрэлцээгүй, усалгааны ганц машинаа нутгийн үйлчилгээтэйгээ хуваалцан хэрэглэдэг гээд тоочвол асуудал байгааг дурдаад, энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ойн нормыг шинэчлэн баталсанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Ойн ангийн орон нутагтаа хийж байгаа цөлжилтийн эсрэг ажлуудаас тарьц суулгацаа чамлалтгүй ургуулж байгааг салбарын сайд онцлоод, намрын мод тарих ажилд нэн шаардлагатай усалгааны ажлын зардалд 10 сая төгрөгийг шийдвэрлэхээр боллоо. Мөн ирэх жилийн төсөвт ойн ангийн техник хэрэглэл, орон тоог нэмэгдүүлэх зардлыг тусгахаар шийдвэрлэлээ.