Улсын баяр наадмаар хурдан морь унах унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ.
“Хүй долоо худагт уралдах морьдоо уяачид долоодугаар сарын 9-ний өдөр бүртгүүлнэ. Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ 10 цэгт унаачч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөж буй аж. Уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ унаач хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирж бүртгүүлэх юм.
Энэ жил унаач хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэрээр бус давхар цахим бүртгэлд хамруулах юм байна. Зөвхөн унаач хүүхэд гэлтгүй хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг ийнхүү цахим бүртгэлд хамруулж байгаа аж. Энэ бүртгэлд дээрх эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдээс гадна зуслан, дугуйлан сургалт, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сан бий болох юм байна.
Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй унаач хүүхэд морь унадаг гэсэн судалгаа байдаг бөгөөд цахим бүртгэлд хамруулсанаар тэдний амжилт, бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэх аж.