Монголын сайхан бичигтнүүдийг 25 дахь жилдээ тодрууллаа

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2021“ улсын уралдаанаа 25 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Шилдэг оролцогч нарт шагнал гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд болов.

Энэ удаагийн улсын уралдааны долоон ангилалд нийт 1500 гаруй хүн оролцжээ. Баян-Өлгий, Говь-Алтай аймаг, нийслэлийн Багахангай дүүргээс бусад бүх аймаг, дүүргээс оролцсон бөгөөд Хөвсгөл, Төв, Орхон аймгаас хамгийн олон бичвэр, бүтээл иржээ.

Тус уралдааны хамгийн нэр хүндтэй шагнал буюу МУИС, МУБИС-д Боловсролын зээлийн сангийн 100 хувь, буцалтгүй тэтгэлгээр суралцах эрхийг 12-р ангийн дөрвөн сурагч хүртсэн байна.

Оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 99 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн 1б ангийн сурагч Б.Урантогос аж.

Уралдааны шагналыг жил бүр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулдаг уламжлал 2000 оноос хойш тогтсон бөгөөд өнөө жилийн хувьд БШУ-ы сайд, Соёлын сайд нар хүрэлцэн ирж шагнал гардуулах ёслолд оролцлоо.