Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу “Ор зохицуулалтын баг” ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна.
Ор зохицуулах багийн даргаар НЭМГ-ын дарга ажилладаг бөгөөд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цагаар ажилладаг юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1500 ор, аймаг, орон нутагт 894 ор дэлгээд байна. Орны ачаалал нэмэгдэж байгаа учраас 4 мянган ор бэлдээд байна. Ойрын хугацаанд 1200 орыг нэмж дэлгэхээр бэлтгэж байгааг УОК-ын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал С.Билэгтсайхан мэдээлсэн юм.
Ор зохицуулалтын баг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилж байна.
Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 утсанд хандаж авахыг зөвлөж байна.