Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор энэ сарын 11-16-нд ачаатай 301 чингэлэгт 5200 орчим тонн ачаа хилээр нэвтрүүллээ.
Замын-Үүд сумаас ачаа ачсан 117 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу, 27 тээврийн хэрэгсэл бусад аймаг орон нутагт руу гарсныг ЗТХЯ мэдээлэв.
Чингэлэг тээвэрлэлт сарын 11-ний өдөр 24 чингэлгээр эхэлсэн бол өчигдөрийн байдлаар өдөрт 60 орчим ачаатай чингэлэг хилээр нэвтэрч байна.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 10-наас Замын-Үүд суманд ажиллаж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГХЯ, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, ГЕГ, ЦЕГ, АТҮТ, УБТЗ, Монголын төмөр зам ТӨХК-ийн төлөөлөл орж, шаардлагатай зохицуулалт хийж байна.
Хилээр нэвтрэх чингэлгийн талаар БНХАУ-ын Сино транс компанитай мэдээлэл солилцох, бүс нутгийн логистикийн төвд чингэлэг, ачааг шилжүүлэн ачих, ачаа хүлээн авагч нарт мэдээлэл хүргэх зэрэг зохицуулалтыг УБТЗ ХНН-ийн Олон улсын тээвэр зуучлалын төв гүйцэтгэж байгаа. Хил хамгаалах байгууллага, онцгой байдлын алба, батлан хамгаалахын жолооч нар хилээс Бүс нутгийн логистикийн төв хүртэлх хилийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Жолооч, засварч, ачигч нар бүгд Замын-Үүд суманд тусгаарлалтын байранд байрлаж, тогтоосон хугацаанд тогтмол шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд тусгаарлалтын байрны хяналтыг хуулийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа аж.