УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд өмнө дурьдаж баысанчлан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжлээ.
УОК-ын хуралдааны шийдвэрийг маргааш Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж эцэслэн шийдвэрлүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Дэлхийн улс орнуудад коронавирусний Дельта хувилбар эрчимтэй тархаж, Ковид-19-ийн гурав дахь давлагаа гарч байгаатай холбоотойгоор улс орнууд хязгаарлах арга хэмжээгээ эргээд чангатгаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Дэлхийн 90 гаруй улсад тархаад буй энэ Дельта хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг ЭМЯ-наас УОК-т гаргажээ. Эцсийн шийдвэрийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ гэв. Тэрээр “Манай улс Япон руу илгээсэн 50 сорьцны 5 сорьцонд гадаадаас зөөвөрлөгдсөн Дельта хувилбар илэрсэн бөгөөд эдгээр тохиолдлуудыг тусгаарласан тул дотоодод энэ хувилбар тархсан гэх үндэслэл байхгүй" гэлээ.