Энэ удаагийн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын өнөөгийн байдал, халдварыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, мөн сүүлийн үед идэвхжил нь эрчимжиж буй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл болон цаг агаарын гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах Эрсдэлийн сан бүрдүүлж, цаашид баримтлах бодлогын асуудлаар хэлэлцэж байна.
Шадар сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн орлогч дарга С.Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт туйлын чухал гэдгийг онцолж хэллээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилсан цогц төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэд олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлага тулгарч байгааг тэрээр онцолсон.
Гамшгийг тэсвэрлэх, урьдчилан сэргийлэх үндэсний болон орон нутгийн чадавхыг бэхжүүлэх шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж, Эрсдэлийн сангийн хуримтлал бий болгох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа мөн Шадар сайд хэллээ.