Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн саналыг сонсон, эмчилгээ, эм тарианы хангамж, эмнэлгийн орчин нөхцөлийн талаар эмнэлгийн эмч, ажилтан нартай ярилцаж санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдийн ор Ковидоор өвчилсөн иргэдээр дүүрсэн бөгөөд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүндэвтэр болон хүнд өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгаа дээр орны хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг салбарын сайдтай хамтран эрэлхийлэн шийдвэрлэх талаар ажиллалаа.
Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд
маань хамт олноороо бүтэн 2 жилийн турш ачаалалтай ажиллаж эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө нэг ч хором алдахгүйг хичээн ажиллаж байна. Бусдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө эрсдэл хүлээж, өнөөдөр халдвар авчихаад ажиллаж буй эмч, сувилагч, асрагч нар ч байна. Тэдэндээ хурдан эдгэж, дахин олон хүн эмчлэхийг иргэдийнхээ өмнөөс хүсье.
Цар тахлын тархалтыг барьж тогтоох, эрсдэлийг бууруулах нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш, энэ нь иргэн бүрийн оролцоо, эв нэгдэл, хамтын хариуцлагаас хамаарах зүйл болоод байна.