"Парис-2022" жүдо бөхийн 2022 оны анхны Их дуулга /Гранд Слам/ тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний даваандаа Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, Хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа. Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахь удаагаа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.
ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж, түүнийг цэвэр ялснаар “Парис-2022” Их дуулгад түрүүлж алтан медалийн эзэн болов.
Ийнхүү Монголын баг тамирчид энэ удаагийн Парисын Их дуулгаас 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, Францын шигшээ багуудын араас 3 дугаар байрт шалгарлаа.