Хөрөнгө оруулалтаар хэрэгжих 22 ажлын тендер зарлахад бэлэн болжээ

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын явцын талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцууллаа.

  • Нийтдээ Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 105 төсөл, арга хэмжээ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 төсөл, арга хэмжээ, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил байна. Эдгээрээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг ангилж үзвэл, Барилга хот байгуулалтын яамнаас 17, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 13, Эрүүл мэндийн яамнаас хоёр ажил шилжиж ирсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 ажлаас гурав нь дүүрэг рүү шилжиж, 29 нь нийслэлд төвлөрч буй юм. Эндээс 19 ажлын техникийн тодорхойлолт, даалгавар нь ирээд байна. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажлын 22 нь тендер зарлах хэмжээнд бэлтгэл хангагдаад байна гэлээ.

Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Нийслэлийн хувьд зураг төсөвгүй, асуудал нь тухай бүр шийдэгдэж чадаагүй хөрөнгө оруулалтын ажлууд мэр сэр байна. Тиймээс хөрөнгө оруулалтын ажилд бүх байгууллагын дарга нар, Засаг даргын орлогч нар чиглэл, чиглэлээр анхаарал тавьж ажиллаарай” гэлээ.