Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн тэргүүн дэд дарга ноён Андрис Америкс, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга хатагтай Атидже Алиева-Вела тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.
Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад ноён Андрис Америкс талархал илэрхийлээд Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгээс дөрвөн жилийн дараа хийж буй энэхүү айлчлалаар парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр, Төрийн ордонд болох Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс Европын Холбооны түншлэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламентын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцоно хэмээн танилцуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улс агаарын хилээ нээгээд удаагүй байгаа энэ үед Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн гишүүд ажлын айлчлал хийж байгаад баяртай байна. Европын Холбоо манай улстай ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон чөлөөт зах зээлийн эдийн засгийг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, гуравдагч хөрш юм гэв. Тэрбээр Европын Холбоотой харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдөг хэмээгээд Монгол Улс, Европын Холбооны түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж, Улаанбаатар хотод Европын Холбооны төлөөлөгчийн газар байгуулсан чухал үйл явдал болсныг онцоллоо.
Түүнчлэн Европын Холбооноос Монгол Улсад 2021-2027 онд хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөрөө баталж, тэргүүлэх чиглэлээ Ногоон хөгжил, ардчилсан ба эдийн засгийн хөгжил гэж тодорхойлсонд баяртай байна. Монгол Улсын Их Хурлаас Байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах лобби бүлэг байгуулсан. Тус бүлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй уялдуулан ажиллах болно хэмээн танилцуулав.
Талууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын зөвлөлдөх уулзалтын механизмыг чухал ач холбогдолтой болохыг онцолж, хууль тогтоох дээд байгууллага, эдийн засаг, улс төр, боловсрол зэрэг сэдвээр санал солилцов.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж оролцлоо. Мөн Европын парламентын нарийн бичгийн дарга нарын газрын Ази, Австрали, Шинэ Зеланд улсыг хариуцсан тасгийн дарга Ноён Никколо Риналди, Европын Парламентын нарийн бичгийн дарга нарын газрын мэргэжилтэн Хатагтай Жоанна Роунио, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз болон албаныхан байлцлаа.