“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган өндөрлөлөө.

Чуулганд төр,  иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн 800 гаруй төлөөлөгч оролцож, эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцэн шийдлийг хамтдаа эрэлхийлж, нэгдсэн зөвшилцөлд хүрчээ.

Чуулганаас гаргасан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БИД,
  • Нийгмийн хөгжлийн үндэс болсон гэр бүлийн үнэт зүйл, нандин чанарыг уламжлан хадгалахад эрэгтэйчүүдийн үүрэг, оролцоог онцлон тэмдэглэж,
  • Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зарчимд үндэслэн,
  • Эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжихэд салбаруудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх ач холбогдлыг анхааран,
  • Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго, нийгмийн хөгжлийг хангах нэг арга зам болохыг хүлээн зөвшөөрч дараах ЗӨВЛӨМЖИЙГ хэрэгжүүлж ажиллахыг талуудад уриалж байна.
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛД:
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх, оролцоо, манлайллыг дэмжих бодлого, арга хэмжээний үр дүнг хэлэлцэх;
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэх, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах.
ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНД:
  • Хүйсээр ангилсан мэдээллийн сангийн боловсруулалт, дүн шинжилгээ, ашиглалтыг сайжруулах;
ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГУУДАД:

Жендэрийн Үндэсний Хороонд:

  • Дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах;
  • Номын сан, спорт заал, фитнесс, мөсөн гулгуурын талбай, иог, усан бассейн, хөгжлийн төвүүдийг олшруулах замаар гэр бүлийн чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, улмаар эрэгтэйчүүдийн эрүүл амьдралын дадал хэвшүүлэх, хорт буруу зуршил, донтолтыг бууруулах;
  • “Гэр бүл, нийгмийн харилцаан дахь хамгийн хүнд ачааг эр хүн үүрэх ёстой” гэх зэрэг олон нийтийн зан үйлийн хэвшмэл ойлголтыг халах, өөрчлөхөд чиглэсэн жендэрийн тэгш байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход эрэгтэйчүүд, хөвгүүдийн оролцоог чухалчлах, бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх.

Эрүүл мэндийн яаманд:

  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх;
  • Хүнд хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт жил бүр хамруулж хэвших;
  • Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн өрөө, кабинет байгуулах, улсын болон хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлж буй эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрөлжсөн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор тогтоосон эрэгтэйчүүдийн эмчилгээний зардлыг бодит зардал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх;
  • Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтаар эрэгтэйчүүдийн мэргэшлийн эмч бэлтгэх;
  • Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
  • Хорт буруу зуршилд автах, донтохоос урьдчилан сэргийлэх болон нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлэх.

Соёлын яаманд:

  • Зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах, хорт буруу зуршлаас сэргийлэх соён гэгээрлийн арга хэмжээг эрчимжүүлэх;
  • Амьдралын зөв дадал олгох, соёлжуулах зорилгоор хорт зуршлын эсрэг тайз, дэлгэцийн бүтээлийг дэмжих;
  • Гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, хамтын хариуцлагын талаар гэр бүл, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх;
  • Үлгэр жишээ аавууд, эрэгтэйчүүдийн сайн жишээг сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээнд татан оролцуулах;

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд:

  • Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх жишиг үйлчилгээний төвийг байгуулах, салбар дундын зохицуулалтыг ханган ажиллах;
  • Эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний хувилбарт арга зүйг нэвтрүүлж, гэр бүл төвтэй үйлчилгээ үзүүлэх;
  • Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зүйг түгээн дэлгэрүүлж, гэр бүлд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх эрэгтэйчүүдийн ойлголт, хандлагыг өөрчлөх, эрэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах;
  • Зам тээврийн шалтгаант ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор жолооны сургалтын болон давтан сургалтын хөтөлбөрт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх жолоочийн сэтгэл зүй, хариуцлагатай жолооч болох талаарх агуулгыг нэмэх, гарын авлага бэлдэх.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд:

  • Гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай эцэслэн боловсруулах, Улсын Их Хуралд өргөн барих;
  • Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй байх, согтуугаар жолоо барих үед нөлөөлөх цусан дахь спиртийн агууламжийн хувийг бууруулах хуулийг хэрэгжүүлэх;
  • Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас жил бүр тогтмол хугацаанд зам тээврийн хөдөлгөөнд аюулгүй оролцох талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшил болгох чиглэлээр үндэсний хэмжээний аян, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд танилцуулж, тайлагнаж хэвших.

Боловсрол, шинжлэх ухааны яаманд:

  • Сургалтын байгууллагуудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн чадавхи, хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр насны эрэгтэй хүүхдийг сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэхэд сургах, тэдэнд үлгэр дуурайлал болохуйц зөв хандлагатай эрэгтэй багшийн тоог нэмэгдүүлэх;
  • Гоо зүйн мэдлэг ойлголт, амьдралын ухааныг олгох сургалтын агуулгыг бүх шатны сургалтын хөтөлбөрт сайжруулан тусгах;
  • Бүх шатны сургалтын хөтөлбөрт зан үйлийн хэвшмэл ойлголтыг арилгах, хорт буруу зуршлаас сэргийлэх тухай агуулгыг нэмж тусгах.

Батлан хамгаалах яаманд:

  • Гэрээт болон хугацаат цэргийн алба, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй залуучуудыг гэр бүлийн болон амьдрах ухаан, хувь хүний ур чадвар олгох сургалтанд хамруулах.

Зам, тээврийн хөгжлийн яаманд:

  • Авто замын камерын хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих, бага насны хөвгүүдээр мотоцикл жолоодуулахгүй байх зэргээр зам тээврийн осолтой холбоотой эрэгтэйчүүдийн гэмтэл, нас баралтыг бууруулахад анхаарах.

Биеийн тамир, спортын улсын хороонд:

  • Эрүүл, илүүдэл жингүй байх уриалга, нөлөөллийн аян, арга хэмжээг эрчимжүүлэх;
ДӨРӨВ. ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД:
  • Аймаг, нийслэл, дүүрэг бүр эрэгтэйчүүдийн, хөвгүүдийн хөгжлийн тусгай хөтөлбөрийг Орон нутгийн хөгжлийн сангаас дэмжиж хэрэгжүүлэх, эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээг төсөвлөх, хэрэгжүүлэх, холбогдох талуудтай хамтран ажиллах;
  • Сэтгэл зүйн, гэр бүлийн зөвлөгөө өгөх төв бий болгох, нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх;
  • Дүүрэг, хороо, сум, багийн Иргэдийн Хурлын үеэр орон нутаг дахь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл өгөх, нээлттэй сонсгол зохион байгуулах;
  • Эрэгтэйчүүдийн чуулган, зөвлөгөөнийг бүх аймаг, сум, дүүрэг, хороонд жил бүр зохион байгуулж хэвших;
  • Орон нутагт ажлын байр бий болгож залуучуудыг ажилтай болгох, залуу гэр бүл, гэрлэх насны залуучууд орон нутагтаа шилжин суурьшихыг дэмжих.
ТАВ. ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:
  • Эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжих үйл ажиллагааг нэгдмэл зорилго, бодит хэрэгцээ, үр дүнд чиглүүлэх, холбогдох талуудтай бүтээлч, санаачлагатайгаар хамтран ажиллах, шийдлийг хамт эрэлхийлэх, шийдвэрлэх.
ЗУРГАА. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:
  • Зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах, нөлөөллийн аян, арга хэмжээг эрчимжүүлэх болон жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг бүх насныханд ойлгомжтойгоор тайлбарлан таниулах, сайн жишээг олон нийтийн сүлжээгээр түгээх талаар мэргэжлийн байгууллагын удирдамж, чиглэлийн дор хамтарч хэрэгжүүлэх.
ДОЛОО. АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД:
  • 0-12 насны хүүхэдтэй эцэг, өрх толгойлсон эрэгтэйчүүдийн гэр бүлдээ зарцуулах цагийг уртасгах зорилгоор ажлын цагт зохицуулалт хийх, ажил-амьдралын тэнцвэрт байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
  • Ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, гэр бүлийг нь дэмжсэн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх.
НАЙМ. СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГА, СУДЛААЧДАД:
  • Эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд, шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэх ухаанчаар тодорхойлох, бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх.
ЕС. ОЛОН НИЙТЭД:
  • Зан үйлийн хэвшмэл ойлголтыг арилгацгаая, хорт буруу зуршлаас сэргийлцгээе.
  • Гэр бүлийн орчинд архи, архины хэрэглээнээс зайлсхийж, үр хүүхдэдээ зөв үлгэр дууриал үзүүлж, зөв хандлага төлөвшүүлэх нийгмийн соёлыг хэвшил болгоцгооё.
  • Гэр бүлдээ, гэр бүлийн харилцаандаа цаг гаргадаг соёлыг төлөвшүүлцгээе.
  • Эмэгтэйчүүддээ хандаж:
  • Эрэгтэйчүүдээ хүндэлье, дэмжье.
  • Эрэгтэйчүүдийнхээ ялгаатай хэрэгцээг ойлгож, сонсож-ярилцах, зөвлөж-урамшуулах замаар аз жаргалтай гэр бүлийг цогцлооё.
  • Эрэгтэйчүүддээ хандаж:
  • Гэр бүлийн үнэт зүйл, нандин чанарыг эрхэмлэн дээдлэгч байя.
  • Үр хүүхдээ үлгэрлэж хүмүүжүүлье, бахархан дуурайх хүн нь байя.
  • Аливаа асуудлыг хүчирхийллийн бус замаар шийддэг байя.
  • Охид, эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалцгаая.
  • Хорт буруу зуршил, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллээс ангид байя.
  • Эрүүл мэндээ хайрлацгаая, эрүүл байх нь хайртай хүмүүс, хайртай гэр бүлийнхээ өмнө хүлээж буй хамгийн том хариуцлага болохыг ухамсарлацгаая.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганы оролцогчид