Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.
Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.5 хувийн биелэлттэй байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. 2022 онд нийслэлийн хэмжээнд төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх үүрэг өгсөн. Гуравдугаар сард нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө амжилттай биелж буй ч хоёрдугаар сарын хувьд Багахангай дүүргээс бусад дүүргийн төсвийн орлого тодорхой хувиар тасалдсан байна.
Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 441 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 295 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагджээ. Энэ ажил нийслэлийн хэмжээнд 66.8 хувийн хэрэгжилттэй байна. Энэ нь өмнөх 14 хоногоос 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, чөлөөлсөн газарт тохижилтын ажил зохион байгуулах үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зам, замын барилга байгууламжийн трасст өртсөн 31 байршилд газар чөлөөлөхөөр болсон. Сургууль, цэцэрлэгийн 22, инженерийн шугам сүлжээний долоо, бусад 13 байршлын 73 хөрөнгө оруулалтын ажилд 2380 нэгж талбарын газрыг чөлөөлөх юм. Газар чөлөөлөлт өнөөдрийн байдлаар 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчих боломж бүрдүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу нэгдүгээр эгнээг таглан зогссон 2251 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үерийн далан суваг, гэр хорооллын гудамж, замын цэвэрлэгээ, хайс хашлага, хогны сав, сандал, хөшөө дурсгал угаах ажлуудыг амжилттай өрнүүлсэн. Шар усны үерээс сэргийлэх хүрээнд Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тодорхой байршилд халиа тошинг голдиролд оруулах, далан шуудуу татах зэрэг ажил хийсэн байна.