Б.Жавхлан: Монгол Улс ОХУ руу шатахууны төлбөрөө саадгүй хийж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ОХУ болон Украин улсад өрнөж буй үйл явдал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцсэн байна.

ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас Монгол Улсын эдийн засагт учирч болох сөрөг нөлөөг бууруулах ажлын багийг Гадаад харилцааны сайд ахалж буй юм. Монгол Улс ОХУ-аас их хэмжээний импортоор авдаг бөгөөд экпорт бага байдаг. ОХУ-аас авч буй бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “Дэлхийн томоохон улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авч буй нь Монгол Улсын эдийн засагт шууд болон дам байдлаар нөлөөлж байна. Гэхдээ импортын шатахуун болон төлбөрт ямар нэгэн асуудал гараагүй. ОХУ-ын талаас нийлүүлэлтэд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд манай талаас төлбөрөө цаг тухайд нь хийж байгаа. Тухайлбал, зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн үеэс хойш ОХУ руу шатахууны төлбөр болох 180 сая ам.долларын төлбөрийг ямар ч саадгүй хийсэн байна. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банканд Монгол Улсын Засгийн газар олон талт хамтын ажиллагааны түнш хэлбэрээр хамтарч ажилладаг. Эдгээр банкуудаас зарим нэг банк ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлоготой нэгдэнэ гэдгээ илэрхийлж, хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улс ямар байр суурьтай байгааг биднээс асуусан. Монгол Улс энэ асуудалд гадаад бодлогын нэг цонхны бодлогоор хандах бөгөөд НҮБ-д бид түдгэлзсэн байр суурьтай байгаа. Мөн бид ойрын хугацаанд Төвбанкны валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлого явуулах ёстой. Бидний гол экспортын бүтээгдэхүүнийг хязгаарлагдмал авч байгаа учраас АМНАТ бага байна. Тиймээс Эрдэнэс Таван толгой компанийн олборлолт, ачилт, уртын тээврийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр өнөөдөр шийдвэрлэсэн. Цагаан хад боомтоос 20 км-ын зайтай газар коронавирус тархах үед 12 сая тонн нүүрс овоорсон байсныг өнгөрсөн оны 7 дугаар сараас хойш бага хэмжээгээр гаргасаар 5.4 сая тонн үлдсэн байна. Тиймээс БНХАУ-аас худалдаад авчихсан байгаа нүүрсийг бид эхэлж гаргаж өгөх ёстой гэж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Тиймээс уртын тээврээ эхлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд БНХАУ-ын талд энэ мэдээллээ хүргэж, зөвшилцөнө” гэлээ.