Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны их танхимд тангарагаа өргөлөө.
Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж, Төрийн далбаанаас адис авав. Ийнхүү Х.Баттулга тангарагаа өргөсөн тул бүрэн эрх нь дуусгавар болж буй өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчид гардууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард түмэндээ хандаж, "Монгол түмнийхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэн өгч буй итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээг залгамжлан, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар ажиллах дуудлага хэмээн хүлээн авч байна.
Итгэл өгч найдан дэмжиж Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн хамтран өрсөлдөж Монгол Улс дахь ардчилсан сонгуулийг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөө Монголын төлөө хийх цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажилласан Ц.Элбэгдорж таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.
Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон ажил ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэл, эх оронч сэтгэлгээ шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын маань зам зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь миний үүрэг хэмээн ойлгож байна. Миний бие та бүхнийхээ итгэл зүтгэлээр дөнгөж сая Еөнхийлөгчөөр сонгогдож, тангаргаа өргөлөө. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа дахин тангараглая.
УИХ-ын эрхэм гишүүд ээ.
Та биднийг хойшлуулшгүй шийдэх ажлууд шилээ даран хүлээж байна. Би нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас гаргаж, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Ноцтой хэмжээнд хүрсэн ядуурал ажилгүйдлийг арилгахын төлөө Засгийн газар, УИХ-тай хамтарч, нэг хүчээр ажиллах болно. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ. Та бүхний зөв шийдвэр, зөв бодлого бүрийг би дэмжин ажиллах болно. Ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг боловсруулсан шийдвэр, бодлогыг засч залруулж, шүүмжлэх болно.
Монголчууд аа. Ахан дүүс ээ.
Би иргэдээ сонсдог. Иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон дэлхийд нэртэй улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэлтэй байна
Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ хэлье. Хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч түшмэдүүдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалцдаг аливаа төрлийн үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.
Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэнээ ялгаварладаг харгис явдлыг халах болно. Би эв нэгдлийг эрхлэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалсан Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.
Би экспортын шинэ эринийг эхлүүлж, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол Улс бүтээгч, хамтрагч, үйлдвэрлэгч үндэстэн болохын төлөө ажилдаа шуурхайлан орно.
Мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх салбарт тэлж, гуравдагч хөршийн бодлого дээр онцгой анхаарна. Монголын маргаашийн хөгжлийн замын алсыг харж, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.
Мөнх тэнгэр биднийг ивээг. Сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн маань хийморь сүлд биднийг уриалан дуудаг. Монгол Улс хөгжин бадрагтугай" гэлээ.