М.Баяраа: Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахын тулд холбогдох байгууллагууд руу хүсэлт илгээж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас авч, тэдгээрийг нэгтгэн танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон. Тус ажлын явц болоод үүсээд буй нөхцөл байдлын талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраагаас тодрууллаа.

-Хэчнээн байгууллагаас хил дээр гацсан бараа, материалын мэдээлэл ирээд байна вэ?

-Хотын дарга дөрөвдүгээр сарын 4-ний Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлд хийж буй хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор БНХАУ-ын хил дээр гацсан ачаа барааг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгосон.  Одоогийн байдлаар 10 аж ахуйн нэгжээс 60 гаруй барааны захиалгыг илгээсэн байна.

-Ямар аж ахуй нэгжүүдээс бараа татан авалтын хүсэлт авч байгаа вэ?

-Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй аж ахуй нэгжүүдээс хүсэлт хүлээн авч байгаа. Эдгээр байгууллагын бараа, материал, тоног төхөөрөмж нь БНХАУ-ын хил дээр 2-3 сарын турш гацсан байдалтай байна.  Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамаар дамжуулан холбогдож байгаа. Мөн бараа, материалын төлбөр тооцоо, татварыг гадаад валютаар хийдэг. Үүнээс үүдэн валюттай холбоотой асуудлууд үүсэж байна.

-Ихэвчлэн ямар төрлийн бараа, материалууд байна вэ?

-Барилгын материал болоод тоног, төхөөрөмж, халтиргаа, гулгаа, үер усны аюулт үзэгдлийн үед ашиглах ус соруулах машин, цас цэвэрлэх машин зэрэг тоног төхөөрөмжүүд байгаа. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх зорилгоор захиалсан автобуснууд хил дээр гацаад байна.

-БНХАУ-ын Эрээний боомтоор өдөрт хэчнээн чингэлэг орж ирж байгаа вэ?

-Одоогийн байдлаар өдөрт 50-60 чингэлэг ачаа Эрээний боомтоор орж ирж байгаа. Задгай ачааг одоогоор оруулахгүй байна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногоос том хэмжээний суурь машин, тоног төхөөрөмжийг  задгайгаар тээвэрлэн авч эхэлсэн.

Нийслэлд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь, хурдан хийж гүйцэтгэхийн тулд НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс болоод бусад холбогдох агентлаг, нэгжүүдээс зохих хүсэлтүүдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болоод бусад харьяа байгууллага руу илгээж байна. Мөн Гадаад харилцааны яам,   Шадар сайдын Ажлын алба, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамтай нягт уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа.

-Компаниуд бараа татан авах хүсэлтээ илгээх бол хаана хандах вэ?

-Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүд захиалагчийн хяналт тавьж буй байгууллагадаа хандан шаардлагатай бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргаж өгөх хэрэгтэй. Ингэснээр бид тухайн эрх шилжсэн байгууллагуудаас бараа татан авах тухай хүсэлтийг нэгдсэн байдлаар хүлээж авна.