Барилга угсралтын ажлыг аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхийг зөвлөж байна

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын стандарт, аюулгүй байдлыг хангах зорилгоор  холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт барилгын түр хашааны стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын байгууллагуудад шаардлага хүргүүллээ.

Энэ талаар Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Өнгөрсөн жилийн судалгаагаар нийслэлийн хэмжээнд 470 орчим барилгыг шинээр барьж, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад орчны аюулгүй байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хүргүүлснээр зөрчилтэй газруудын 70 орчим хувь нь түр хашааг сайжруулж, аюулгүй байдлыг хангасан” гэлээ. 

Түүнчлэн энэ жил барилга угсралтын 185 ажил эхэлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтарч, аж ахуйн нэгж, байгууллагуудад аюулгүй байдал хангуулах, явган зорчигч, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж байгааг онцоллоо.  Мэргэжлийн байгууллагууд барилга угсралтын ажлыг аюулгүй байдлыг ханган гүйцэтгэхийг зөвлөж байна.