Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нартай уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улс, Турк Улсын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт өргөжин хөгжиж, өдгөө Улаанбаатар хот БНТУ-ын Анкара, Газиендип хотуудтай Ах, дүүгийн харилцаатай гэдгийг тодотгоод, Истанбул хоттой мөн найрамдалд харилцаатай гэдгийг онцлов. Түүнчлэн байнгын дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Элчин сайдад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр “Улаанбаатарын хот, нийтийн аж ахуйн хариуцлагатай чиг үүргийг хэрэгжүүлж буй УБЗАА-ны үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор техникийн хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, албан ёсоор санал хүргүүлнэ” гэлээ.
ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Др.Үмит Нажи Ёрулмаз энэ жил ТИКА байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жил тохиож байгааг дурдаад, ирээдүйд илүү нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Анкарагийн гудамжинд байрлах Ататуркийн нэрэмжит 5 дугаар бүрэн дунд сургуулийг сэргээн засварлаж, сургалтын тоног төхөөрөмжүүдийг шинэчилснийг онцоллоо. Түүнчлэн мэргэжил сонголттой холбоотой төсөл хөтөлбөрүүд чухал ач холбогдолтой тул ТИКА үүнийг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж буйг дурдсан юм.
Уулзалтын төгсгөлд талууд хэрэгжүүлж буй төслийг эрчимжүүлэх тал дээр хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцлоо.
НЗДТГ-аас ТИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраар дамжуулан техникийн, санхүүгийн, соёлын болон нийгмийн чиглэлийг хамарсан хамтын ажиллагааны саналуудыг хүргүүлсэн. Мөн энэ хүрээнд ойн тогтвортой менежментийг сайжруулах, нийслэлд мод үржүүлгийн газар байгуулах, хүртээмжтэй цахим номын төсөл, Улаанбаатар чуулгын үзэгчдийн танхимыг тохижуулах зэрэг олон төсөл хэрэгжиж буй юм.