Элчин сайд Иан Хоогмартенс-ийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суух Бельгийн Хаант Улсын Элчин сайд Иан Хоогмартенсийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Элчин сайд Иан Хоогмартенсд Монгол Улсыг Бээжингээс хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэв. Сайд С.Энхболд өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт Бельгийн Хаант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорнод болон Ховд аймаг дахь Баруун болон Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн чадавхыг бэхжүүлэх төслийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн болохыг онцлов.


Дээрх Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээс гадна эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулсан бөгөөд газар нутаг уудам Монгол орны хувьд хувьд алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрийн амьдарч буй бүс нутагтаа лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ авах боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн хөгжил чухал үүрэгтэйг тэмдэглээд хоёр улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд төслүүд амжилттай хэрэгжсэнд  баяртай байгаагаа илэрхийлэв.Элчин сайд Иан Хоогмартенс Бельги Улсын Засгийн газрын зүгээс дээр дурдсан төслүүдийг мөн амжилттай хэрэгжсэн гэж тооцдог болохыг тэмдэглээд хөгжлийн хамтын ажиллагааны өмнөх туршлага дээр үндэслэж тус улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гурав дахь төслийг санхүүжүүлэх талаар зарчмын хувьд дэмжигдсэн болохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдээлж энэ хүрээнд дараагийн төслийг шуурхай хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Бельги Улсад эм, вакцины үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн болохыг онцлоод Монгол Улстай эм хангамжийн салбарт ч мөн хамтран ажиллах бололцоотой болохыг танилцуулав.