Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 6-наас эхэлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Хуралдааны эхэнд өмнөх шуурхайгаас Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Урин цаг ирж, Улаанбаатар хотод тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил өрнөж байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал,  хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбайн өнгө үзэмжийг сайжруулж,  Туул, Сэлбэ, Дунд гол дагуух тохижилтын ажилд иргэд идэвхтэй оролцож, иргэдийн 188 бүлэг хамтран ажиллажээ. Голуудын ай сав орчимд иргэд олноороо амарч, зугаалдаг. Тиймээс голын эрэг дагуу олон нийтийн соёл, амралтын хүрээлэн байгуулах үүрэг даалгаврыг Хотын дарга өгсөн. Энэ дагуу Их тэнгэрийн ам, Туул гол дагуу хоёр байршилд амралтын бүс байгуулна. Инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлэх, шаардлагатай бол газар чөлөөлөх ажил өрнүүлэх үүргийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газраас шалгалт зохион байгуулахад 10 байршилд  үерийн бүс болоод далан суваг, хамгаалах байгууламж дээр ажлын байр барьсан, үйлчилгээний объект, чингэлэг контейнер байршуулсан зөрчил илэрчээ. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэхээр албан шаардлага хүргүүлээд байна.

Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, газрын зөрчлийг арилгах үүднээс зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгаж, 66 мянган метр квадрат талбайг тохижуулж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 44 байршлын 1143 гараашийг буулгаж, 20.1 мянган метр квадрат талбайг нийтийн эзэмшилд бүртгэн авчээ. Чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийж байна.

193  тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй байна

Нийслэл хотод улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 678 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Тэдгээрээс 657 төсөл, арга хэмжээг харьяа байгууллагуудад шилжүүлж, 14 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлэхээр санал авах шатандаа байгаа юм. Нийслэлийн Засаг даргын худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэлт 96.9 хувьтай байна. Он гарсаар Нийслэлийн Засаг даргын 19 захирамжаар 55 төсөл, арга хэмжээнд тодорхой өөрчлөлт оруулжээ.

Өнөөдрийн байдлаар 193  тендерт аж ахуйн нэгж байгууллагаас материал ирүүлээгүй  бол материал ирүүлсэн ч шаардлага хангасан оролцогч оролцоогүй 82 төсөл арга хэмжээ байгаа аж. Нийт 275 төсөл арга хэмжээ дээрх хоёр шалтгааны улмаас тендерийн шалгаруулалт хийгдээгүй байна.

23 байршилд газар чөлөөлөхөөс гурваас бусад байршлын хувьд асуудал бэрхшээл үүсэхгүй гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон.

Нийслэлд цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулна

Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод тавдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд өрнөнө. Цэрэг татлага нь олон байгууллагын албан хаагч, ажилтнуудыг хамруулсан өргөн хүрээний ажил байдаг. Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцдог онцлогтой гэдгийг НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт тодотгож байлаа. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж. Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана.