Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн долдугаар сарын 7-9-нд Варшав хотод болж 63 кг-д Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болов.
Манай улсаас тус тэмцээнд зургаан тамирчин оролцсоноос сүүлийн өдөр ийнхүү Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон алтан медаль хүртэж, Варшавын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр эхний тойрогт Беларусийн Кристиана Федерашка, шөвгийн наймд Казахстаны Зарина Кунангараеваг нарыг тус бүр, хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Болгарын Юсейн Тайбег 11:6-гаар ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Руй Суг 0:6-гаар хожигдож яваад цэвэр дарж өнгөрсөн жилийн амжилтаа бататган Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга болов.
Харин 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал эхний даваанд Казахстаны Айгуль Нуралимийг 12:5-аар ялсан ч 1/4 шигшээд Германы Нина Хеммерт 9:10-аар харамсалтай ялагдсан. Германы бөх хагас шигшээд энэ жилийн ОХУ-ын аварга, буриад бүсгүй Сталвира Оршушт ялагджээ.