“Цахим орчинд эерэгээр нөлөөлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг эхлүүлнэ

Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн форумыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд ирэх тавдугаар сарын 03-ны өдөр Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд “Новотел” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд яг одоо зохион байгуулж байна.

Өнгөрөгч 2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна гэсэн тоон мэдээ гарчээ. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь фэйсбүүк ашигладаг бөгөөд түүнийгээ дагаад цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн ёс бус үйлдлүүд ихэссэнээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймдээ ч Монголын сайтын холбоо энэхүү чуулганаар дээрх сэдвийг голчлон хөндөх аж.

Тодруулбал, энэ өдөр цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёсзүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөллүүд илтгэл тавьж байна.

Цахим сэтгүүл зүйн IV чуулганаар Монголын Сайтын холбооны зүгээс “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээн дор “Цахим орчинд эерэгээр нөлөөлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг мөн эхлүүлж, дэмжин ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, улмаар нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх нэг жилийн аяныг өрнүүлэхээр болоод байгааг МСХ-ны тэргүүн Э.Батхүү онцоллоо.

Тэрбээр, хэлэхдээ “Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Цахим бүслэлтэд өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс Монголын Сайтын холбооноос өөрсдийн уншигчдыг бас энэ цахим бүслэлтээс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирэхийг зорьж IV форумаа “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд хийхээр шийдвэрлэсэн” хэмээлээ.

Сэтгүүлчид мэргэших шаардлагатай

Харин Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл “Та бүхэндээ Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргэе. Энэ жил цахим бүслэлт ба нийгмийн сэтгүүлзүй форумыг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Мэргэжлийн сэтгүүлчид цахим орчинд мэдээллээ хэрхэн түгээх талаар бас мэдээлэл хуваалцахаар ЦЕГ-ын удирдлагууд мөн ирсэн. Сэтгүүлчид эрх чөлөөгөө эдлэхийн сацуу хүний эрхийг дээдэлдэг байгаасай гэж хүсэж байна. Гэмт хэргийн талаар мэдээлэх, хууль сурталчлах ажлыг хийхдээ жижиг алдаа олон гарч буй учраас сэтгүүлчидтэйгээ хамтраад энэ чиглэлд ажиллахыг хүсэж байна. Зөвхөн хүний эрх яриад зогсохгүй, бүх байдлаар алагчлахгүй, ялгаварлан гадуурхахгүй байх талаар сэтгүүлчидтэй хамтарч ажиллаж мэргэшүүлэх хүсэлтэй байна. Цахим орчинд зөвхөн сэтгүүлчид ч бус мэдээлэл түгээх, дамжуулах сүлжээ их болсон учраас энэ талаар ч бид дуугарах ёстой. Өөрсдөөсөө эхлээсэй, цахим орчинд эерэг мэдээллийг түгээх чиглэлд хамтран ажиллаасай, жилийн дараа ажлын үр дүнгээ хэлэлцээсэй” гэлээ.

Мөн чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс илгээлт явуулсныг УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц уншиж сонордуулав.

"Цахим бүслэлт ба нийгмийн сэтгэлзүй" үндсэн илтгэлийн нэгдүгээр хэсэгт МоСАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Баярбаатар үндсэн илтгэл тавьсан бол ЦЕГ-ын ГБХХЭГХТХ-ийн дарга, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл тавив. Тус илтгэлийн үеэр хэвлэл мэдээллийн цензургүй мэдээллээс үүдэн хүүхэд хэрхэн хохирч буйг хөндлөө. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар сэтгүүлчид мэдээлэл бэлтгэхдээ охины нэр зургийг ил тод харуулж, тэр ч байтугай охиныг нүцгэлэн эмчид үзүүлж буйг хүртэл харуулжээ. Цаг хугацаа явж, охин асрамжийн газарт өсөн торниж байгаа бөгөөд насанд хүрэх үедээ энэ бичлэг өөрт нь сайн нөлөө авчрахгүйг мэдэх учраас энэ бичлэгийг устгаж өгөөч хэмээн ЦЕГ-аас удаа дараа хүссэнийг мэдэгдэв. Мөн үнэртүүлэгч зардаг хүүгийн тухай мэдээллийг сэтгүүлчид цензургүй тарааснаас үүдэн хүү амиа хорлосон бодит жишээг ч дурдлаа.

Чуулганы Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажиллах бол, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм.

Харин дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллах юм. Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач нар гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцохоос гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл "Ангууч" буюу Б.Баттөр, жүжигчин А.Баярцэцэг, МУГЖ Ж.Алтанцэцэг нар оролцлоо. Мөн энэ өдөр Монголын сайтын холбооноос цахим бүслэлт, нийгмийн сэтгэлзүй сэдвийн хүрээнд уриалга гаргаж байна.