Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, аюулгүй ажиллагааны дүрэм, хөтөлбөр боловсруулахтай холбоотой мэргэжлийн дэмжлэг үзүүлэн сургалт зохион байгуулж зөвлөгөө өгч байна.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг. 2021 онд Мэргэжлийн хяналтын байгууллага цахим системээр энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой нийт 315 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 700 орчим хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ оны эхний таван сарын байдлаар 205 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 291 хүсэлтэд аюулгүйн үнэлгээ хийж, 140 аж ахуйн нэгж, байгууллагад цацрагийн үүсгүүр ашиглах, хадгалах, экспортлох, импортлох, тээвэрлэх 194 тусгай зөвшөөрлийг олгож, аюулгүй шаардлага хангаагүй хүсэлтүүдийг буцаагаад байна.
Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болж аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүллээ.