НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” төсөл, “Байгаль орчны засаглал” төсөл, Канад Улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “МЕРИТ” (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь) төслийн дэмжлэгтэйгээр Мэргэжлийн хяналтын байгууллагын байгаль орчин, геологи, уул уурхай, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид сургалтад хамрагдаж байна.
Сургалтаар улсын байцаагчид хяналт шалгалтын талаарх хууль тогтоомжийн шинэчлэл болон Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, байгаль орчны хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжлийн мэдлэг мэдээлэл сонсохын зэрэгцээ төрийн албан хаагчын ёс зүй, хандлагаа сайжруулах, хувь хүний хөгжилтэй холбоотой сургалт, зөвлөгөөг авах юм.
Сургалтад 21 аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхай, газар, геодезийн хяналтын 97 улсын байцаагч хамрагдаж байна. Сургалтын нээлтэд МХЕГ-ын дарга Б.Баасандорж, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон Канад Улсын ЭСЯ-ны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Гленн Зизански, Мерит төслийн захирал Женифер Адамс нар оролцсон бөгөөд энэ үеэр Мерит төслийн захирал Женифер Адамс уул уурхайн нөхөн сэргээлт, усны хяналт мониторингийн талаарх гарын авлагыг хүлээлгэн өглөө.
Түүнчлэн Б.Баасандорж дарга хэлсэн үгэндээ “Байгаль орчин, геологи, уул уурхай, геодези зураг зүйн хяналт бол хамгийн их эрсдэлтэй хяналтуудын нэг гэдгийг онцлоод Мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг бол энгийн хүний нүдээр харж чадахгүй юмыг мэргэжлийн нүдээр харж бизнес эрхлэгчид, иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг туслалцаа үзүүлж бурууд хатуу, зөвд зөөлөн арга барилаар ажиллах хэрэгтэй” гэлээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг улсын байцаагчдад хандан “Дэлхий нийт хандлага, соёлын өөрчлөлтөд орж байна. Өөрчлөлтийн тухайд би нэг жишээгээр хэлье. Өндөг дотроосоо хагарах юм бол энэ ангаахай болно, амьдрал эхэлнэ. Харин өндөг гаднаасаа хагарвал, хүнээр бол жагсаал цуглаанаар ажлаа хийдэг, уур бухимдлаар ажлаа хийдэг бол, тэр өндөг гаднаасаа хагарч байгаа бол хүний хоол болно, хүнс болно, хог болно. Тийм учраас өөрчлөлтийг өндөг шиг дотроосоо эхэл, эндээсээ эхэл гэж хэлье” хэмээн захив.
Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.