Хөгжлийн банкийг хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо өнөөдөр /2022.06.07/ хуралдлаа. Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байгаа бөгөөд 243 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна.
Тус хуралдааны үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ: “Манай банк хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, Прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.
Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайд ТОСК-тай холбоотой 201.7 тэрбум төгрөгийн зээл байна. Буянт Ухаа 1, 2, Хөдөлгөөнт цогцолбор гэсэн гурван төсөл байна. Засгийн газраас Буянт Ухаа 1, 2 төслийн зээлийн үлдэгдлийг ТОСК үнэт цаас гарган Хөгжлийн банкинд эзэмшүүлэх замаар өрийг төлөх ажлыг төлөвлөж байна. Хөдөлгөөнт цогцолбор төслийн хөрөнгийг зарж борлуулах замаар Хөгжлийн банкны өр төлбөрийг барагдуулахаар төлөвлөж байна.
Энэ гурван төслийн асуудал шийдэгдвэл Хөгжлийн банканд 135.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан шийдэгдэнэ. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 3.4 саяар сайжирч, төлбөрийн чадвар 201.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.