Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ. Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс өдгөө 108 байршилд 2782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд тус ажил 57.2 хувьтай байна.
Мөн 36.310 мод, бут тарьж, 21 байршилд 80.000 мкв талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8300 мкв талбайд зүлэг шинээр тарьсан. 26 байршилд нэг наст цэцэг тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 байршилд нийт 105 мянган цэцэг тарив. Үерийн хамгаалалтын барилга байгууламж цэвэрлэх хүрээнд 14 байршилд 2799 тонн лаг хагшаас цэвэрлэж, хоёр байршилд цэвэрлэгээ хийж байна.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө.
- Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах.
- Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.
- "Амгалан", "Шинэ төв" дэд төв, "Тахилт", "Дарь-Эх", "Монель", "Бичил", "Ургах наран", "Хайлааст" олон нийтийн төв зэргийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.