“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.17/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.13 цагт эхэлж, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан гүйцээн боловсруулах 1 зарчмын зөрүүтэй санал, тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн 6 саналаар санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хув нь дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлсэн. Тэрбээр, тогтоолд тусгасан хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө бий юу хэмээн лавлаад, бид халамжид жилд хоёр их наяд төгрөг өгч байгаа. Энэ бол сум бүрт жилд нэг үйлдвэр барих мөнгө. Халамжийн мөнгө гадагшаа урсаж байгаа гэдгийг бодох учиртай. Манай улс 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг орон болоосой гэж хүсэж байна. Тийм учраас тогтоол батлаад орхилгүй, хөрөнгө санхүүг нь шийдэж өгөөд, араас нь сэтгэл гарган зүтгэх хэрэгтэй хэмээлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын тогтоолыг дагаад ажлын таван жилийн төлөвлөгөө батлагдаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн яаралтай 1.7 их наяд төгрөг шаардлагатай байгаа бөгөөд үүний 48 хувийг улсын төсвөөс, үлдэх хувийг гадаадын зээл тусламж, бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөсөн. Улсын төсвөөс гаргаж буй мөнгөний ихэнх хэсгийг зээлийн хүүгийн зөрүүнд олгох бөгөөд ингэснээр аж ахуйн нэгжүүдэд нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Тогтоолыг бид хэрэгжүүлж ажил хэрэг болгох ёстой. Баялаг бүтээгчидтэй хамт төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлнэ. Хэлэлцүүлгийн үеэр холбогдох яамдтай хамтран ажиллаж, төлөвлөгөө болон санхүүжилтийг нарийвчлан ярилцсан. Таван жилийн дараа 19 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ ханган, гол нэрийн зарим бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах эзнийг тодорхой зааж өгсөн байгаа гэлээ.

Үргэлжлүүлэн байнгын хорооноос гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолын төслийг эцэслэн баталлаа.