Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулга хийлээ.
Төсвийн ерөнхийлөн захирагчдын Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж байгаа талаар эхлээд мэдээллээ. 159 дэд, тэргүүн дэд, орлогч дарга, зөвлөхийг чөлөөлсөн, сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин хэрэглэхийг хязгаарлаж 587 автомашиныг Засгийн газрын авто баазад хүлээлгэн өгсөн, төсвийн байгууллагад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, төсвийн байгууллагын өдөр тутмын ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ. 2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна.
Мөн төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн 104 тэргүүн дэд, дэд, орлогч даргыг чөлөөлж 4.4 тэрбум, зохион байгуулалтын бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5,6 тэрбум, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа холбооны зардал болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 26.2 тэрбум, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43,1 тэрбум төгрөг тус тус хэмнэжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, ажлын хэсэг гарган ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.