Улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, хяналт шалгалт хийх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймаг, нийслэл, дүүргийн эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна.

Дэлхий нийтээр халдварт болон халдварт бус өвчлөл нэмэгдэж, анагаах ухааны салбар хөгжихийн хэрээр эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний чанарын асуудал чухлаар тавигдаж байгаа аж. Манай улсын хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, баталгаажуулах чиглэлээр үйл ажиллагаа, стандарт, удирдамж, заавруудыг шинэчлэн боловсруулж, чанарын алба, баг ажиллуулж байна. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ оношилгоонд олон арга аргачлал, техник тоног төхөөрөмж, олон улсын эмнэл зүйн удирдамжийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан эмч мэргэжилтнүүд, хяналт тавьж ажиллаж байгаа улсын байцаагчдад мэдлэг мэдээлэл, дадал олгох, чадавхжуулах шаардлага үүсч байгаа юм.

Энэхүү сургалтаар эрүүл мэндийн салбарын бодлого, эрхзүйн орчны шинэчлэл, коронавируст халдварын цар тахлын үеийн удирдлага, хариу арга хэмжээний талаар ДЭМБ-аас баримталж буй бодлого чиглэл, эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагааны стандартын шаардлага, холбогдох хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гарсан тушаал, дүрэм, журам, стандартын талаар онолын мэдээллийг өгч, харилцан туршлага солилцох, дадлага хийх хэлбэрээр зохион байгуулж байна.