Олон улсын эрдэмтэд одон орон, геофизикийн талаар хэлэлцлээ

Монгол Улсад орчин цагийн Одон орон, Геофизикийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Монголын одон орон, геофизикийн судалгаа-2017” сэдэвт хурлыг Чингис зочид буудалд зохион байгууллаа. Эрдэм жинжилгээний хуралд ОХУ, АНУ, Франц, БНСУ, ХБНГУ, Англи зэрэг 13 орны 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов. Тэд   салбарын өнөөгийн түвшинг тодорхойлж, харилцан туршлага судлан, олон улсын судлаачдын төлөөлөл илтгэл тавьсан юм.

Олон улсын хурлыг нээж БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар үг хэлсэн бөгөөд тэрбээр “Манай Одон орон, геофизикийн судалгааны төв одон орон, газар судлалын чиглэлээр  ялангуяа суурь судалгааны ололт дэвшлээр дэлхийн түвшинд ажиллаж байна. Харин нөөц, материал техникийн бааз, багаж тоног төхөөрөмж талаасаа  томоохон төвүүдээс хоцрогдсон зүйл байгаа. Цаашид бүс нутагтаа тэргүүлэх чанартай судалгааны төв болгохын тулд төсөв хөрөнгийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Төсвөө тогтвортой нэмэгдүүлвэл барилга байгууламж, техник технологийг нь шинэчлэх  боломж бүрдэнэ. Манай яам хүрээлэнгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй холбох, залуу эрдэмтэн судлаачдыг өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэг, төсөл хөтөлбөрийн хүрээнд сургах зэрэг бодлогыг хэрэгжүүлж байна” гэв.

Одон орон, геофизикийн  хүрээлэнд 200 албан хаагч ажиллаж байгаагийн 142 нь эрдэм шинжилгээний ажилтан байна. Мөн 12 аймагт өөрийн салбартай бөгөөд газар хөдлөлтийг амжиж анхааруулах системийн 12 станцийн сүлжээ, Улаанбаатар хотоос 55 км-д зайд Сонгинохайрхан уул орчимд Цөмийн туршилтыг хянах олон улсын геофизикийн хяналтын станцууд ажиллаж байна. Эдгээрээс гадна хот орчмын газар хөдлөлтийн хагарлын газар хөдлөлтийг таамаглах 61 станц, орон нутгийн зургаан  цэгт  газар хөдлөлтийг бүртгэх 68 станцтайгаар үйл ажиллагаа явуулдаг аж.