Газар тариалангийн үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, ургац хураалтын явц, чанарыг газар дээр нь тодорхойлж, зөвлөмж боловсруулан хүргүүлнэ

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуйн төсөл”, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран ургамал хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг Хэнтий аймагт үргэлжлүүлэн зохион байгууллаа.

Орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, ургац хураалтын явц, ургацын чанарыг газар дээр нь тодорхойлж, үүсмэл нөхцөл байдалд бүлгээр ажиллав. Бүлгээр ажиллах явцад Монголын тариаланчдын үндэсний холбооны Хэнтий аймаг дах салбар холбоо, орон нутгийн агрономич болон тариаланчдын төлөөлөл оролцож санал солилцлоо. Улмаар Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн газар, Өмнөдэлгэр сумын Засаг даргад  газар тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар улсын байцаагчдын нэгдсэн зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн газар тариалангийн хяналт шалгалтад дрон хэрхэн ашиглах талаар талбайн сургалт хийлээ. Дроныг газар тариалангийн үйлдвэрлэлд ашигласнаар богино хугацаанд талбайн хэмжээ, ашиглалт, ургацын чанар, таримлын төрөл зүйл, гадаад дотоод хорио цээртэй хөнөөлт организмуудыг тодорхойлох, хяналт шалгалтыг үр дүнтэй хийх боломжтой.

Танхим, дадлага хосолсон сургалт, зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулж, орон нутгийн удирдлага, тариалан эрхлэгчдийг хамруулснаар хуулийн хэрэгжилтийг газар дээр нь тодорхойлж, санал солилцон, асуудлыг шийдвэрлэж, тариаланчдад мэдлэг олгон, орон нутгийн онцлогт тохирсон арга хэмжээ, зөвлөмжийг боловсруулснаараа онцлог юм.