Хэрлэн голыг хамгаалах Ажлын хэсэг хуралдлаа

Хэрлэн голыг хамгаалах цогц ажил хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн анхдугаар хурал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болов.

ХУРЛААС:
  • Хэрлэн гол дамжин урсдаг таван аймаг, нэг дүүрэг тус бүр Хэрлэн голыг хамгаалах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллах;
  • Гол болон түүний эх цутгал голуудад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх;
  • Гол дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, стандарт мөрдүүлэх;
  • Усны нөөц, горим, чанарын судалгаа хийх;
  • Голын бургасыг нөхөн сэргээх, мод тарьж, ургуулах;
  • Онцгой хамгаалалтын бүсийн тэмдэг, тэмдэглэгээг нэмэхээр шийдвэрлэлээ.

Мөн ирэх онд голын эрэг дагуух хур хогийн цэгүүдийг цэгцэлж, нүхэн жорлонг буулган, эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэрлэн голыг хамгаалах санаачилга гарган, холбогдох яам, байгууллагад чиглэл өгсөн юм.

Энэ хүрээнд байгуулсан Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж ахалж, гишүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймаг болон Багануур дүүргийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагуудын удирдлага ажиллаж байна.