Энэ жил цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг онлайнаар бүртгэхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн боловсролын газар УБЕГ-тай хамтран онлайн бүртгэлийг явуулах бөгөөд эцэг, эхчүүдийг оршин суугаа хаягийн асуудлаа цэгцлэх шаардлагатайг анхааруулж байна. Учир нь тухайн хүүхдийн регистрийн дугаарыг бүртгэлийн системд оруулахад аль цэцэрлэгт хамрагдах нь автоматаар гарч ирэх аж. Жишээ нь ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс нөгөө рүү шилжсэн ч хуучин хаяган дээрээ байгаа бол тухайн хүүхэд хуучин хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж онлайн бүртгэл дээр гарч ирэх юм байна. Тиймээс хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийлгээгүй байгаа бол эртхэн энэ асуудлаа тодорхой болгож, бүртгэлдээ хамрагдахыг Нийслэлийн боловсролын газраас анхаарууллаа. Эцэг, эхчүүд зөвхөн тусгай цахим хуудсаар орж, онлайнаар бүртгүүлэхдээ хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ. Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Онлайн бүртгэл ирэх мягмар гараг буюу 2017.07.25-ны өдөр албан ёсоор эхэлж, нэг сарын турш үргэлжлэх юм. Хэрэв онлайн бүртгэлд хамрагдаж чадаагүй бол наймдугаар сарын 10-с эхлэн тухайн цэцэрлэгт эцэг, эхчүүд өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой. Харин өмнөх хичээлийн жилд хамрагдсан хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд явагдана. Онлайн бүртгэлийг зохион байгуулснаар цэцэрлэгийн гадаа олон хоногоор дараалал үүсгэхээс сэргийлж, эцэг, эхчүүдийн цагийг хэмнэх боломж бүрдэж байна.