Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны гуравдугаар хурлыг хуралдууллаа.
Хурлаар 2022 оны үйл ажиллагааны болон худалдан авах үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг батлав. Энэ үеэр нийслэлийн утааг багасгах дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцны дулаан алдагдалтыг арилган, яндангийн тоог боломжит хэмжээнд нь багасгах, автомашины янданд шүүлтүүр тавих, стандарт мөрдүүлэх шаардлагатай тооцоо судалгааны дүгнэлтийг мэргэжилтнүүд танилцуулсан юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй агаарын бохирдлыг багасгах талаар уулзаж, санамж бичиг байгуулан хариуцлагажуулна. Одоогоор “UB cub”-д нэгдсэн 14 мянган такси үйлчилгээнд явж байна. Ирэх есдүгээр сар гэхэд таксинуудынхаа янданг бүрэн шүүлтүүртэй болгох санал тавьсан” гэлээ.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өнгөрсөн оны байдлаар 195 мянга, Налайх, Багануур, Багахангайд 210 мянган яндан байгаа тоо бий. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, таксинуудын янданд шүүлтүүр суурилуулах тухай ярьж байгаа аж. Ингэснээр автомашинаас үүдэлтэй утааг 25-30 хувиар багасгах боломжтой.
Түүнчлэн, ЭХЯ-тай хамтран цахилгааны тариф ялгамжтай мөрдөн “Яндангүй бүс” бий болгох, БХБЯ-тай хамтран барилга барьж буй газар харуул, ажилчдын байранд гал түлэхгүй, дулааны үүсвэрийг цахилгаанаар шийдэх, гэр хорооллоос орон сууцанд орж буй иргэдэд ипотекийн зээлийг хүндрэлгүй, шуурхай олгох тухай ярилцаж байна. Ингэж байж гэр хорооллыг багасна гэдгийг БОАЖ-ын сайд онцоллоо.
“Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах замаар худалдан авалт, түлшний хэрэглээний судалгаа хийхээр төлөвлөжээ. Үүнд үндэслэн тухайн хэсгүүдэд цахилгаан халаалт хэрэглэхэд эрчим хүчний үнийг багасгах, хий газын хэрэглээг дэмжих, шалны халаалт зэрэг ухаалаг шийдэлд хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэснээр галлагаа багасаж, яндангийн тоо цөөрөх боломжтой гэж тооцсоныг БОАЖЯ мэдээлжээ.